Хүүхэд хэлд орохдоо томчуудын ярьж байгаа үгийг дуурайж хэлэхийг оролддог. Гэхдээ зөвхөн сонирхож буй зүйлээ л цээжилдэг. Та хүүхэддээ үлгэр уншиж өгч байгаарай. Хүүхэд тань 2-3 удаа сонсоод тогтоочихно. Хэрэв анхааралгүй уншвал алдааг тань хоромхон зуур мэдчихдэг.
Хүүхэд юм хойнo юм цээжлэхдээ их амархан юм даа. Нэг номыг ер нь нэг хоёр уншуулаад л, бараг үг үсэггүй тэр чигт нь цээжилчихсэн байдаг. Зузаан гэгчийн номыг зургийг нь харж байгаад л дуржигнатал уншчихна шүү дээ.
Үгийн баялаг, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар гээд л юм юманд асар тустайг дурдах илүүц биз. Ингээд хэрэг болж юуны магад гэсэн үүднээс өөрийн туршлагаасаа үүдэн ганц хоёр зөвлөгөө маягийн юм биччихье. Хэрэггүйг нь орхиод, хэрэгтэйг нь анхаараад авбал сайн санж.
1. Номны сонголт
Нэг үеэ бодход ном хэвлэлийн чанар сайжраад, өөрт таалагдсан ямар л бол ямар ном гардаг болж. Сонголт ихсэх тусам үүсдэг нэгэн ацан шалаа бол зөв сонголт. Тухайн хүүхдийн байдлаас үүдэн "эмнэлэгт очихдоо эмчээс айдаггүй болох", "дүү гарвал дүүтэйгээ тоглож сурах", "эцэг эх нь салвал тухайн байдалтай яаж дасан зохицoх", "тоглоомоо булаацалддаггүй болох", "коршоокон дээр сууж сурдаг болох", "соосогноос гарах", "гутлаа үдэж сурах" гээд л мянга мянган сэдэвтэй номнууд номын дэлгүүрийн лангуугаар өрөөстэй байх аж. Хүүхдийнхээ тухайн нөхцөл байдалд тохируулан зөв номоо сонгож авах маш их чухал.
2. Тууштай байх
Ямар ч их ажил, стрэстэй байгаад хүүхэддээ тав аравхан минут гаргаад, унтхаас нь өмнө ном уншиж өгч байх. Мэдээж орой болгон зөвхөн ээж нь эсвэл аав нь, хэн нэг нь л номыг нь уншиж өгч байснаас ээлжлээд, бүр заримдаа танайд ирсэн зочин гийчдийг хүртэл гуйгаад уншуулчихаж байгаарай. Хүн бүрийн унших темп, арга барил өөр, хүүхэд тань нэг үлгэрийг олон өнгөөр мэдэрдэг болно.
3. Орчин бүрдүүлэх
Мэдээж хэт их хурц гэрэлтэйд биш, хүүхэдтэйгээ тухлаад, өөрөөр нь ямар ном уншуулах хүсэлтэйг нь асууж сонгуулаад, элдэв саад болох зурагт утас гэх мэтээ холдуулан, хоёр биенээ тусгаарлаад, тухлaг орчин бүрдүүлээд авах хэрэгтэй. Яг үлгэрийн "ханхүү" нь "гүнж"-ээ аврах гэж байтал утас чинь дугараад хэн нэг нь элдэв дэмий юм асуугаад зогсчихвол хүүхдэд тань урамгүй байх болно.
4. Тухайн дүрд хувирч чаддаг байх
Зурагтаар гарч буй гоё нэвтрүүлгээ үзэх гэж яараад, хурдхан шиг дуусгачихъя гээд оромцоглоод, элдэв үг өгүүлбэр алгасаад "дуржигнуулчихвал" хүүхдэд тань галан дээр ус асгахтай адил сэтгэгдэл үлдэж, энэ байдал олон давтагдвал цаашлан сонирхол буурах, анхаарал төвлөрүүлж чадхаа байх гэх мэт муу талтай.
Түүнээс гадна үгээ удаавтар, тодоор ойлгомжтой уншихаас гадна, аль болох дууны өнгөө тухайн үлгэрийн баатартай тохируулан, маш сэтгэл догдлом хэсэг дээр нь шивнэх шахам аажуухан, арслан барын дүр байвал хоолойгоо хүржигнүүлдэг ч юм уу, эсвэл маш сонирхолтой хэсэг дээр нь хэсэг завсарлага аван, цаашид яах бол хэмээн тэсэн ядан догдолтол нь хүлээлгэх, эсвэл нүдийг нь аниулан тэр сайхан орчинг үгээр илэрхийлэн дотроо төсөөлтөл зураглах гэх мэт ер нь л хүүхдийн анхаарлыг бүрэн татахуйц дүрдээ хувирах хэрэгтэй.
5. Асуулт болгонд нь хариулах
Ном уншиж өгч байхад нь хүүхэд тань гэнэт дундуур нь таслаад "яагаад...?", "яагаад...?" хэмээн тун их асууна. Энэ болгонд нь дургүйцэлгүй, аль болох ойлгомжтой бөгөөд товч хариулхыг хичээн, бүр болохгүй бол номоо уншиж дуусаад асуулт хариултын хэсэг хугацаа үлдээх хэрэгтэй. Энэ номонд юу гарав?, хэн хэнд юу гэж хэлэв?, яагаад? гэх мэт харилцан нэг нэгнээсээ асуун, тухайн номны талаар ярилцаж байх хэрэгтэй.
Мэдээж хүүхэд юм хойно, нарийн ширийн учрыг нь ойлгохгүй, эсвэл мэдэхгүй үгнүүд гэх мэт их гарна. Тэр болгонд нь уцаарлалгүй, тэвчээртэй тайлбарлан, харилцан яриа үүсгэн, бүх зүйлийг бүрэн ойлгох ёстой гэж тулгалгүй ярих хэрэгтэй.
Мөн хүүхэд тань зураг зурах дуртай бол, тухайн номны талаар маргааш нь ч юм уу юу төсөөлсөн төсөөллийг нь зуруулан, тэр талаар нь дэмжин "урам" өгөх юу юунаас чухал.
6. Маргааш хүртэл түр
Хүүхдэд тань тухайн ном таалагдаад, хэтэрхий урт үлгэр байх юм бол мэдээж хамгийн сонирхолтой хэсэг дээр нь завсарлага аван, маргааш үргэлжлүүлье гэх мэтээр анхаарлыг нь татах хэрэгтэй. Цаашаа яах бол хэмээн хүү/охин тань догдлон маргаашийн үлгэрээ тэсэн ядан хүлээх болно. Мэдээж хэлсэндээ заавал хүрэх хэрэгтэй.
Мөн гадаадад төрж өсч буй хүүхдүүдийн хувьд хамгийн чухал асуудал бол, өөрийн төрөлхи хэлийг нь мартуулахгүй байхын тулд монгол ардын үлгэрүүдийг өдөр салаавчлан уншиж өгөн, хоёр хэлийг нь сайжуулж байх нь юу юунаас чухал юм билээ шүү.
За ингээд хэрэв та хүүхдэдээ ном уншиж өгч амждаггүй бол хэзээ ч оройтоогүй байна. Хурдхан гарч номын дэлгүүр орон, сонирхсон номыг нь сонгон авч өгч, өвөр дээрээ суулган уншаад өгөөрэй. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж Ильич ахын хэлсэн агуу үг байдаг байх аа. mglgan@yahoo.com
Эх сурвалж: Ганаа



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: